LOADING

Type to search

Нийгэм Онцлох

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг тусгаарлалтад авахыг үүрэг болгожээ

Share

Ховд аймгийн Цэцэг сумаас зургаадугаар сарын 28-ны өдөр Бүсийн оношилгээ, эмчилгээний төв/БОЭТ/-д яаралтай тусламжаар ирсэн 27 настай иргэн Г-д гоц халдварт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, урьдчилсан шинжилгээгээр тус өвчнөөр өвчилсөн болох нь тодорхойлогдсон байна.

Одоогоор шинжилгээний сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд өнөөдөр албан ёсны баталгаат хариу гарах юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгалаа.

БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тухайн өвчтөний нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг тодорхойлж, тусгаарлалтад авахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.

Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Мөн энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: khovd.gov.mn /Ховд аймгийн албан ёсны цахим хуудас/

error: Content is protected !!