No menu items!
HomeСэдэвЯзгуур барагдах аваас муу хөвүүн төрмүй

Язгуур барагдах аваас муу хөвүүн төрмүй

-

Өндөр дээд тэнгэрийн язгууртан хүртэл доройтохоороо тамд унадаг болохыг сударт тэмдэглэсэн байдаг. Энэ нь язгуур гэдэг зүйл нь үргэлж нэг хэвийн бус гэдгийн баталгаа юм.

Бид чинь “Чингисийн удам”, “Тэнгэр язгуурт” гэж сайрхах дуртай улс. Нээрэн ч арай л өөр аман хишигтэй ч юм уу гэж санагдахаар ч үе байх. Тиймээс бахархах юмаараа бахархалгүй яахав. Тэр нь зөв. Гэхдээ бахархалаа яахин хадгалах вэ, маргааш, нөгөөдөр ч бахархаж, бардамнаж байхын тулд одоо бид юу хийх вэ гэж бодох цаг нэгэнт болчихсон юм шиг ээ.

Бат төрийн өндөр сэнтий түшилцэн, алтан жолоог атгалцсан түшээд нь авах орхихын ёсонд мунхарч, ашиг олзонд горилсон. Өөрсдөө бүгдийг хийж, бүтээж чадахгүй дээр нь өв соёл, зан заншилаа мэдэх, санах, тэтгэх дэмжихдээ хойрог болжээ. Дээр дооргүй үг нь итгэлгүй, үйл нь болзоогүй, залхуугийн араншинтай болчихсон нь өндөр язгуураа барж, өвгөдийнхөө сүнсийг зовоохын дохио мэт.

Байдал нэгэнт иймдээ хүрээ ч тэрүү, өрх гэр, өөрийн улсаа удирдан жолоодох сайн хөвгүүн их л дутмаг болжээ. Чухамдаа язгуураа барагтай болгосны дохио болж, ялихгүй нэгэн төрд авирч, толгойд мацах болов.

Одоо яахсан билээ… Хойч үеээ Монгол хүн болгоё. Үүний тулд жинхэнэ Монгол хүнд байх ёстой ёс суртахууны хэв шинжийг төлөвшүүлэн, уламжлалт зан заншилд дадлагажуулан эзэмшүүлье.

Эх хэл, эх орноо таниж, үндэсний бахархалтай болсон дунд үе нь хүн төрөлхтөний түүхтэй танилцуулж, өнөөх цэцэрлэгээс нь заадаг гадаад хэлээдундангиасньзааж эхлэе. Дараа нь шинжлэх ухааны ололт амжилт, цахим орчны боловсрол эзэмшүүлье.

Ингэж чадаж гэмээн, язгуураа хадгалах, улам сайн болгох үйлийг эх хөврөх шиг, эндээс л хөгжлийн гарц олдох юм шиг санагдана. Хүнээр үг хэлүүлж байгаагүй хүн ээж, аав болоод хүнд бас үг хэлэхгүй. Тиймээс хуурай онол зааж, томъёо тодорхойлолтоор бөмбөгдөж байхаар чих зөөлөн, гарын дор байхаас нь хүүхэддээ хэлэхээ ч хэлж, хорихоо ч хорьж, хийлгэхээ ч хийлгэж, өөрсдөө тэдэндээ үлгэр дууриалал болж амьдаръя.

Эрх чөлөөг хэтэрхий их тунхагласаар явтал биеэр үлгэрлэн үзүүлж, зөв зам руу дагуулдаг ардын маань сайхан уламжлал бүдгэрсээр балархад хүрчих юм шиг сэтгэл зовниж байна.

Өөрийн урд урдны сайн үйлийн хүчээр хүн болоод төрчихсөн амьтанд төрхий нь олуулаад өгвөл энэ язгуур гэдэг хадгалж, хямагдаж болдоггүй хэврэг эд ч биш. Иргэн бүрээ хүн чанартай болж хүмүүжих нөхцөл бололцоог нь бүрдүүлчихвэл улс орон маань хөгжихгүй, ухарчих вий дээ гэсэн айдас салхинд замхарна.

Хээл хахууль өгч авалцаж, өдөр бүр л энд тэнд үймээн самуун болж, элдэв халдварт өвчин дэлгэрч байгаа нь язгуур доройтохын, язгуураа үл хайрлаж байгаагийн илрэл юм уу даа гэж санаж байна.

Ийм байдлаас сэргийлэхийн тулд дээр доргүй хууль дүрмээ чангатгаж, хүн буруу зүйл хийх, буруу замаар явах бүх нүх сүвийг хааж боож чадвал энэ бүхэнд цэг тавьж чадна. Мөн ирээдүйгээ жинхэнэ Монгол хүн болгож хүмүүжүүлэхийн тулд анхаарч, сургалтын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай болж байна.

Буян барагдах аваас муу сэтгэл төрмүй

“Буянаа барчихна” гэж эмээ, өвөө сануулдаг байлаа. Хоолны шавхаруу асгах, аягаа долоолгүй орхих, гутал хувцасаа гамгүй өмсөх зэрэг үйлдэл бүхэнд энэ үг дагалддагсан.

“Буян” гэх үгийг манайхан “Аман хишиг” гэдэг. Харин “Барагдах”-ыг нь “Ардаа гарсан” гэж хэлдэг. Шашин ном хориотой хатуу цагт болоод энэ үү, эсвэл угаасаа л манай Монголчууд энэ ойлголтыг тийн нэрлэдэг байв уу… Ямартай ч Монгол хэн хүний санаанд дурайтал ургахаар ойлгомжтой, оносон хэлц мөн.

Эрт, эдүгээгийн магад ирээдүй хойч үе маань ч энэ мэт үнэнд нийцсэн, эсвэл үнэнийг өөрөөсөө ургуулсан гайхамшигт сургаал үгсийг сонсож өссөн, сонсож байгаа, сонсох ч болно.

Олны үйл санаанд багташгүй юм хойно, тэгээд ч итгэх, бишрэх сэтгэлгүй зарим нэгний хураасан нүгэл хилэнц арвидаж бурханы нигүүлсэх, асрах сэтгэлийн адистэдийг ч хүртэх боломжгүй болдог гэдэг. Учир энэ мэтээс шалтаглаж бараг л хэнийгээ ч гэхэв дээ гэмээр өнөөгийн бид чинь бүгд л адилхан “муу сэтгэлтэн” болчихоо юу даа гэж заримдаа бодогдох юм.

Үргэлж л бие биенээ хардаж сэрдэнэ. Боломж л гарвал ялихгүй юмаар биесээ хуурч ашиг олохыг санаархана. Өчүүхэн зүйлд ч үл тэсвэрлэн буу шийдэм, хутга мэсэндээ хүрнэ. Зарим нэг хэсэг нь хэлэндээ сайн, сайхныг өгүүлэвч, хэрэг дээрээ сэтгэл, үйлдэл хоёр нь тэс өөр байх бол энүүхэнд.

Яагаад, юуны учир иймд хүрээ юм бол гэж тааралдсан хэнээсээ ч хамаагүй асуувал “Цаг цөвүүн болоод”, “Төр засгаас л болж байна” гэх мэт шалтгааныг ихэвчлэн гаднаас хайна, гадагш бурууг түлхэнэ гэдэпг огт эргэлзэхгүй байна.

Цаг цөвүүн болно гэдэг нь дэвэрсэн “таван цөвүүн”-ий нэгэн. Хямрал тэмцэлтэй цаг үе ирэхийн нэр. Юунаас болж тэр вэ гэвээс хүмүүсийн үзэл буруудсанаас, тэдний сэтгэл нь нисваанисийн эрхэнд орсоноос, язгуур угсаа, явдал мөр нь доройтсоноос л шалтгаалдаг зүйл.

Тэгэхээр буруутай этгээд нь ганц цаг хугацаа биш. Төр засгийн бодлого алдарч төрийн хүний ёс журам цалгайрах нь иргэний идэвхигүй, санаачлагагүй, амин хувиа хичээн “Надад хамаагүй”, “Оготнын дуу тэнгэрт хүрэхгүй” гэх мэтээр иргэн хараа хяналтаасаа төр засгаа гаргаснаас үүддэг гэдэг. Тэгэхээр энэ мэт олдсон шалтаг бүрийн буруутай эзэд нь бид болж байна.

“Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг юм болохоор муугаас салж, сайн нэр дуулахын тулд одоо яах вэ? Буян хураах хэрэгтэй. Буян яаж хураах вэ? Ер нь өглөгөөс гарсан, шагшаавадаас гарсан, бясалгалаас гарсан гэж гурван зүйл буян байдаг.  Эдгээрээс өглөгөөс гарах буяны тухай товч төдий сийрүүлье.

Эд өлөгийн өглөг өгөхөд их, багын ялгал үгүй. Гагцхүү харамыг тэвчсэн зэргээр өөрийн тань сэтгэл л асар ариун байх ёстой.

Эд өглөгийн өглөгийг аяга цай, атга будаа төдийг ч болов өгөх өглөг, морь, үхэр зэрэг өөрт хүрэлцээтэй эд баялагаас Бурхан, Ном, Хувраг тэргүүтэнд өгөх их өглөг, гэгээрэхээсээ олон төрлийн өмнө Бурхан багш, мөн Лхажам манди санмо гэпч нэгэн өлссөн охин баранд биеэ өгсөн мэт өөрийн бие, эрхтэн, үе гишүүнээ бусдад өгөх машид их өглөг хэмээн дотор нь гурав ялгадаг.

Гурав дахь өглөгийг газар, мөрийн эрдэм эрхшээсэн Бодьсадва нар л үйлдэж чадахаас эгэл хүмүүс хэрэгжүүлж чадахгүй. Бусдад авшиг хайрлах, ном заах, эш хөтөлбөр өгөх зэргээр тэдний сэтгэлийг үнэний зам мөрт найруулан хөтлөхийг номын өглөг гэнэ.

Номын өглөг өгөх нь нэн бэрх. “Өөрийн үндсэнд анхааран авсан юмгүйгээр бусдад ном зааваас өчүүхэн ч тус хүргэж чадахгүйг анхааран санах нь зүйтэй хэмээн Гүнчэн Жигмэдчойживанбуу тэмдэглэсэн байдаг. Аюулгүй авралын өглөг нь айж түгшсэн хэнд ч болов аврал, өмөг түшиг нь болох, итэл алдарч цөхөрсөн нэгний зориг тэмүүллийг бадрааж өгөх, өнчин өрөөсөнд итгэж найдах өмөг түшиг болох зэрэг мөн.

Бурхан багш бээр “Амьтны амийг аврах нь тус эрдэм үлэмж ихтэй” хэмээн зарлигласан. Энэ мэтээр буян хураах арганд шамдаарай. Буянд шамдаж үнэн зөм зам мөр, ёс суртахууныг баримталснаар сайн сайханд хүрч, амар амгаланг эдпэх боломжтой.

Учир юун хэмээвээс Мял богд нэгэнтээ “Сэтгэлийн дайсан нугууд нь их дайсан бөгөөд Сэтгэлээс бусад дайсан гэж үгүй, Түлээний мод өөрийгөө шатаадаг мэт Сэтгэл нь өөрөө сэтгэлээ шатаамуй’’ хэмээн айлдсан сэтгэлийн дайснаа ялах зөм зам мөрийг сонгосон тул болой.

Эх сурвалж: “Билгийн мэлмий” сонин

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд