No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Минжүүр: Элэгний хавдар 45-аас дээш насны хүмүүст их тохиолдож байна

Б.Минжүүр: Элэгний хавдар 45-аас дээш насны хүмүүст их тохиолдож байна

-

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Б.Минжүүртэй ярилцлаа.

– Хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо бие даан хийдэг болсон. Ер нь энэ төрлийн хагалгаа ямар явцтай  байдаг талаар товчхон танилцуулахаас ярилцлагаа эхлэе?

– Элэг шилжүүлэн суулгах хагалгааг Хавдар судлалын үндэсний төв дээр 23  удаа хийсэн байна. Үүнээс 19 нь амьд донороос элэг шинжүүлэн суулгах, дөрөв нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа орсон байна. Манай эмнэлэг 2018 оноос хойш энэ төрлийн хагалгааг хийж эхэлсэн ба улсаас нэг жилд  10 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг баталж өгсөн байдаг. Манай ХСҮТ бол ихэвчлэн  элэгний хавдартай хүмүүсийг сонгон авч хагалгааг хийж байна. Элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн чухал нь өвчтөний сонголт байдаг. Мөн асар их хөдөлмөр зориулан суулгасан элгэнд маань хавдар дахивал яах вэ гэсэн асуудал үүсдэг. Ийм асуудал гаргахгүйн тулд өвчтөнөө зөв сонгох нь нэгдүгээрт тавигддаг асуудал. Хоёрдугаарт донороо зөв сонгох шаардлагатай. Донорын аюулгүй байдал маш чухалд тавигдана.

-Цаашлаад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд  оролцож байгаа баг тус бүрийн зохион байгуулалт болон чадвараас хамаарна. Энэ төрлийн хагалгаанд нийт 40-60 хүний бүрэлдэхүүнтэй ордог ба хүн тус бүр дор дороо, өөр өөрийн гэсэн үүрэгтэй. 40-60 хүн гэхээр бүгд нэг дор ороод хагалгаанд оролцоод явна үг биш. Өөрийн үүргээ гүйцэтгээд дараа дараагийн багтаа хүлээлгэж өгөх юм. Энэ бол багийн ажил. Түүнчлэн хагалгааны дараах хяналт маш чухал. Монголын нөхцөлд хүрээлэн буй орчны бохирдол болоод хүнсний аюулгүй байдал сул байдгаас хагалгааны дараа өвчтөнөө маш сайн хянах шаардлага гардаг.

– Элэгний хавдраар өвдөж буй хүмүүс насны хувьд ямар байдаг вэ?

Ихэвчлэн 45-аас дээш насны хүмүүст их тохиолдож байна. Элэгний хавдар бол гэнэт гараад ирдэг зүйл бишээ. Нөгөө элэгний архаг үрэвслээс шалтгаалан  20-30 жил өөрчлөлтөд орсон элгэн дээр нь хавдар гарч ирж байгаа явдал юм. Ихэвчлэн элэгний архаг B,C,D  вирусийн шалтгаантай. Одоогийн 45-50 настай хүмүүс гэдэг нь 1950-1970 оных. Тухайн үеийн буцалгаж дутуу ариутгасан шприц хэрэглэснээс халдвар ингэж их хүмүүсийг хамрахад хүргэсэн гэж хэлж болно. Зарим нь байгалиараа эдгэж, зарим хүмүүсийн хувьд архагшиж үлдсэн. Үүн дээр нэмээд хэлэхэд одоогийн оношилгоо болоод эмчилгээний түвшин тэр үетэй харьцуулахад тэнгэр газар шиг өөр учраас нэг талаас нь хараад хэрэггүй.

– Ямар эрсдэлт хүчин зүйлүүд хавдрыг үүсгэхэд нөлөөлдөг вэ. Хавдарт хүргэж буй шалтгаан юунд байна вэ?

Ер нь ихэнх тохиолдлууд нь элэгний B, C, D вирусаас шалтгаалж байна. Гэхдээ одоо бидний мэдэх Солонгос, Япон, Европын өндөр хөгжилтэй орнууд аль хэдий энэ вирусээс салсан хэрнээ л элэгний хавдар тэдний дунд өндөр байдаг. Энэ бол амьдралын буруу хэвшил болоод хоол хүнсний өвөрмөц байдалтай холбоотой. Жишээ нь, архины хэрэглээ болон түүхий боловсруулсан далайн хүнсний хэрэглээ гэх мэт. Гэхдээ манай улсад хэрэгжиж буй  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ард иргэдийн дунд энэ вирусийн талаар мэдлэг тодорхой хэмжээгээр өндөр болсон гэж боддог.

– Элэгний хорт хавдартай холбоотой ямар хүндрэлүүд илэрдэг вэ?

-Мэдээж хавдар гэдэг бол хүний амь насыг авч явдаг өвчин. Одоогоор дэлхий хаана ч, хэн ч хавдрыг эмчлэх аргыг нээгээгүй л байна. Гэхдээ хавдрыг эрт үед нь оношилбол бүрэн эдгэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хавдраар оношлогдоод эмчилгээний дүнд эдгээд явж байгаа хүн зөндөө  бий.

-Харамсалтай нь дийлэнх хүмүүсийн хувьд хавдар хожуу шатандаа мэдэгдэж байна. Хавдар хожуу гэдэг нь мэдээж хавдрын хэмжээ том, зэргэлдээ болон алсын эрхтэндээ үсэрхийлсэн байна гэсэн үг. Тийм учраас хичнээн хичээж ажиллаад ч хавдрыг дийлэхгүй байгаа юм. Хожуу шатны хавдар хэвлий, гэдэс нь овойх, шарлах, цус алдах гэх мэт системийн төвшинд шинж тэмдгээр илэрнэ.

– Энэ өвчтэй холбоотой судалгааны ямар ажлууд хийж байгаа вэ?

– ХСҮТ, Стэнфордын их сургуультай хамтран хавдрын геном, эрсдэлт хүчин зүйлийг судалгааг манай тасаг дээр хийсэн. Тодорхой хэмжээний үр дүн гараад зарим сэтгүүлд нийтлэгдсэн байдаг. Мэдээж эмч бидний хувьд мэс засал хийхээс гадна өөрийн гэсэн сурсан зүйлээ тодорхой баримттай цаасан дээр буулгах нь чухал. Манай тасгийн хувьд дийлэнх нь өөрийн гэсэн судалгааны ажлаа эхлүүлээд явж байгаа.

– Эмчилгээний үеийн хооллолт, дэглэмийн талаар ярья. Мөн элгээ хайрлая гэвэл ямар хүнс хэрэглэж, бас юунаас татгалзах ёстой вэ?

Мэдээж элэгний В,С вирусийн халдвартай эсэхээ мэдээд авах хэрэгтэй.  Цаашлаад мах, өөх тосны хэрэглээг зөв зохистой байлгах. Өөх огт идэхгүй бай гэсэн үг биш шүү. Махаа тохируулан хэрэглэж, ногоон ургамлуудыг хүнсэндээ түлхүү хэрэглэж занших хэрэгтэй. Түүнчлэн архи, дарсны хэрэглээгээ тохируулж байх нь зүйтэй. Мөн дасгал хөдөлгөөн маш чухал. Монголчуудын дунд хэвлийн таргалалт маш их байдаг. Энэ нь эргээд элэгний өөхжилт үүсгэн цаашлаад элгийг гэмтээж эхлэх том шалтгаан болдог. Тиймээс  дасгал хөдөлгөөн их чухал байдаг юм шүү.

Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд