No menu items!
HomeЭмч зөвлөж байнаО.Чойдог: Хүмүүс үе солих мэс засалд орчихоод энэ үеийг насан туршийнх гэж...

О.Чойдог: Хүмүүс үе солих мэс засалд орчихоод энэ үеийг насан туршийнх гэж эндүүрдэг

-

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч О.Чойдогтой ярилцлаа.

-Сүүлийн үед өвдөг болон түнхний үе солих мэс засал нэлээд хийгдэж байгаа юм байна. Ямар тохиолдолд энэ хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай байдаг вэ?

-Хөгшрөлт болон өвчний улмаас хүний өвдөг болон түнхний үе, үений хэвийн бүтэц алдагдаж, эргэшгүй өөрчлөлтөд ордог. Алхахад их өвдөлттэй болно. Ингээд өвдөлт нэмэгдсээр үргэлж өвдөлт намдаах эм хэрэглэдэг болно. Энэ үед өвдөг болон түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийх үе шатанд байна гэдгийг энгийнээр ойлгож болно. Ийм зовуурь илэрвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ихэвчлэн хэдэн насны ямар хүмүүст дээрх өвчлөл зонхилж тохиолдож байна вэ?

-Ихэвчлэн өндөр настай эмэгтэй хүмүүс өвдөгний үе солих мэс засал хийлгэж байна. Мөн жингийн илүүдэлтэй хүмүүс байна. Ер нь манай эмнэлгээр үйлчлүүлж, энэ төрлийн мэс засалд орж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд.

-Дээрх өвчний гол шалтгаан нь юу вэ?

-Нэгдүгээрт биеийн жин. Биеийн жин ихтэй, ясны сийрэгжилттэй бол өвдөг, түнхний яс өвчлөх магадлал өндөр. Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь Д витамины дутагдалтай байна. Д витамин бол кальцийг ясанд суулгаж өгөх онцгой үүрэгтэй витамин. Гэтэл кальци уусан байлаа ч Д дутагдалтай бол яс сийрэгжиж олон төрлийн ясны өвчлөлд өртөнө гэсэн үг.

Хоёрдугаарт энэ өвчин удамшлын гаралтай байх тохиолдол цөөнгүй бий. Мөн эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ маш их кальци алдаад, эргээд алдсан кальциа нөхөж чадалгүй эрдсийн дутагдалд ордог нь энэ төрлийн өвчин үүсэхэд хүргээд байна.

Уг нь өвдөж эхэлмэгц эмчид хандаад, өвчнөө бага дээр нь эмчлүүлбэл хагалгаанд орохгүйгээр анагаах боломжтой. Хиймэл үе нь хоёр, гурван жил болоод сулрал өгч болно. Мөн ясны бат бөх чанар багасах буюу яс их сийрэг, биеийн жин их байвал хүний биед суулгасан хиймэл үе яс руугаа шигдэж суудаг. Ингэснээр өвдөлт зовуурь нэмэгдэж хөдөлгөөн хязгаарлагдана. Суулгасан хиймэл үе хөдөлгөөн ороод ирэхээр дахин сэргээн засах мэс засал хийдэг.

Спортоор хичээллэж байсан хүмүүсийн зөөлөн эдийн гэмтэл, сүрьеэ, спиртний хэт их хэрэглээ, бруцеллёз зэрэг үе гэмтээдэг халдварт өвчин зэргээс их шалтгаална. Хүмүүс үе солих мэс засалд орчихоод энэ үеийг насан туршийн зүйл гэж боддог. Энэ үе маань насан туршийнх биш шүү. Гамтай байлаа гэхэд 10-15 жил болох боломжтой үе байгаа юм.

-Өвдөгний үе өвдөөд, алхаж, гишгэж чадахгүй болсон хойноо хүмүүс эмнэлэгт хандаад, мэс засалд орох болж байна. Хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ. Мөн ясны сйирэгжилт, өвдөгний үе өвчилсний анхны шинж тэмдэг яаж илэрдэг вэ?

-Шатаар гарахад, дасгал хөдөлгөөн хийхэд хөл өвдөж байвал эмчид хандаж үзүүлээд өвдөгний рентген зургаа авахуулах хэрэгтэй. Өвдөгний үен дээр ирж байгаа ачаалал их болоод ирэхээр хүний хөл майга болоод ясны дотор талын гадаргуу нь их үрэгддэг. Энэ үед тэнхлэгийг нь засчихаар дөрөв, таван жил явах боломжтой. Үүнээс гадна ясны зөөлөрсөн, зөөлөн эдүүдийг өөлж аваад сэргээх мэс засал хийж болно. Хамгийн эцсийн сонголт бол үе солих мэс засал. Гэхдээ манай эмнэлэг мэс заслын ачаалал ихтэй, орны хүрэлцээ муу учраас тэр бүр бүх хагалгааг хийгээд байж амжихгүй байна. Одоогийн байдлаар гэхэд л долоодугаар сар хүртэл мэс заслын хүлээлттэй байгаа.

-Өвдөгний үе солих мэс засалд орсны дараа хөлөнд зовиур байх уу, хэр хугацааны дараа хөл дээрээ явах боломжтой болох вэ?

-Манайд ирж үйлчлүүлж буй хүмүүсийн 90-ээд хувь нь мэс засалд орсны маргаашнаас нь алхчихдаг. Орчин үед эмч нарын судалгаа, арга барил чадавхжаад мэс заслын дараа өвдөлтгүй байлгахыг эрхэмлэдэг болсон.

-Настай хүмүүс хөл өвдөхөд наалт наагаад, тос түрхээд яваад байдаг. Энэ нь эмчилгээ болж чадах уу?

-Энэ эмчилгээнүүд бол зөвхөн тухайн үеийн өвдөлтийг намдаадаг. Мөн хүмүүс рашаанд явлаа, уламжлалт эмчилгээ хийлгэх болон нэгэнт өвдөгний үе эргэшгүй өөрчлөлтөд орсон үед зарим эмнэлгүүд өвдөлт намдаах зорилгоор үенд тариа хийж байгаа нь урт хугацаанд үр дүнгүй эмчилгээ юм. Нэгэнт л ясанд өөрчлөлт орсон бол биеийнхээ жинг хасах хэрэгтэй. Биеийн жин их байх тусам л хоёр хөлний ясанд ачаалал өгөөд өвчлөхөд хүргэдэг. Мөн эмчид хандаж, эмчилгээ хийлгэж, эрдсийн дутагдлаа нөхөх хэрэгтэй.

-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Эртнээс кальци болон Д витамин, эрдэс амин дэмийн дутагдалтай эсэхээ хянаж байх ёстой юу?

-Эрдсийн дутагдалтай эсэхээ үзэж байх хэрэгтэй. Д витамин дутагдаад ирэхээр хүмүүс таргалдаг, стресс ихтэй, нойрондоо муу болдог. Монгол хүн дөрөвдүгээр сард шорт майктай явбал Д витаминаа нөхөх боломжтой. Өргөрөг уртраг, байгалийн нөхцөлөөс шалтгаалаад Монголд дөрөвдүгээр сард л Д витаминаа нарнаас авах боломжтой гэдэг цогц судалгаа гарчихсан. Өсвөр насны хүүхдийн өвдгөөр янгинахад манайхан өсөж байгаа гэдэг буруу ойлголттой байдаг. Энэ нь Д амин дэм дутагдаж байгаа шинж. Зөвхөн бага насны хүүхдүүдэд өрхийн эмч Д витамин бичиж өгч, тогтмол уулгадаг. Уг нь хүн насан туршаа Д витаминыг урьдчилан сэргийлэх тунгаар уух ёстой юм. Үүнийг хоол хүнснээс авъя гэхээр манайд Д витаминаар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж байдаггүй. Гэтэл гадныхан энэ мэт витамины хэрэгцээгээ хоол хүнснээсээ авчихдаг. Тэгэхээр хүн болгоны хэрэглэдэг гурил зэрэг бүтээгдэхүүнийг Д амин дэмээр баяжуулчих ёстой юм. Шинжилгээ өгч байж Д, Кальцийг зохих тунгаар тогтмол ууж байх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд