No menu items!
HomeХүмүүсДилав хутагт Оуэн Латтимор нарын нөхөрлөл

Дилав хутагт Оуэн Латтимор нарын нөхөрлөл

-

Тэнгис далайн тэртээх хаяанд Зөөлөн бороо шивэрнэ. Элцэлгүй их далай савандаа багтаж ядах мэт мяралзан долгилж, эрэг хөвөөнд нь утаа униар дунд өндөр яндангууд цоройсон үйлдвэрийн хот бараантан алаглах агаад цардмал өргөн замын гоёмсог сүлжээнд, улаан цагаан гэрэл солбицуулсан машин тэрэгний урсгал, ажил албандаа яарсан олны хөл хөдөлгөөн өнөр өтгөн.

Тэр бүхнийг ажин ширтэх мэт хотын төв хэсэг дэх цойлон цоройсон хоёр өндөр байшин цээж ханхайн шил толио гялалзуулж, бороотой өдрийн үүл манан, орой хэсгий нь хөлөргөн далдална. Далайн хөвөөнөө янз бүрийн орны далбаа хитэг дээрээ хийсгэсэн аварга том хөлөг онгоцууд нүсэр их ачаагаа хөнгөлөн, зарим нь аянд гарах цагаа хүлээн саатаж сүртэйеэ зогсоно. Энэ нь америк тивийн зүүн эрэг дэх усан замын боомт Балтимор хот ажээ.

Хоёр зуугаадхан жилийн настай ч өсөж өргөжин үйлдвэрийн томоохон төв болсон энэ хотын баруун дүүрэгдэх их сургуулийн хотхоны арван хэдэн давхар байшингийн, тавилга төхөөрөмж гэхээр юмгүй авсаархан өрөөн дэх мебель хүрэн шүүгээн дээр, цэнхэр хадаг нөмөргөн залсан Будда бурхны гүнгэрваатай алтан шармал хөргийн өмнөх мөнгөн цөгцтэй зулыг нэг өвгөжөөр хүн цааш харан асаах агаад тэр хүн амандаа маань уншин залбирсаар эргэж харах нь хар хилэн эмжээртэй шар торгон лам дээл өмссөн өтгөн буурал хөмсөг, намхан хамар, ов тов цоохор царайтай, насан хутагжар давсан хэдий ч цоглог ануухан нэгэн байх ажээ.

Ханын шүүгээний харалдаа түшлэгтэй буйдангийн хажуу дахь явган ширээн дээр монгол, төвд ном судар дэлгээстэй байх агаад бийр янтай, бэхийн сав,соёмбо тэмдэг бүхий бичгийн хуудас тэргүүтэн харагдана. Түүний болох нь:

“…Тэнгэрийн ивгээл, амьд явахын хувь тавилаан гэж !! Эх монгол нутгийнхаа алтан шороог үнэрлэлгүй хорин жил боллоо. Тийм ээ, яг л хорин жил! Алс холын энэ тивд ирээд бүтэн жилийн нүүр үзэх нь. Энэ том оронд бидний санаж зорьсноор, монгол судлал хөгжвөл урамтай л байна. Гэтэл насаараа лам дээл өмсөж, буяны мөр хөөсөн хүн юугаараа тус дэм болж гийгүүлэх билээ. Энд би сүжигтнээр, ер нь юугаар ч дутаагүй хэрнээ хонх дамрын дуугаар дутаж байна гэж үү? Замбуулин уудам юм даа. Хойтонгоос Азидаа, номын дуутай Энэтхэг, Төвд рүү буцдаг ч юм бил үү ?! Ийнхүү амандаа шивэгнэв. Энэ хүн Дилав хутагт Жамсранжав байлаа.

Хажуугийн өрөөнөөс тавь эргэм насны, бодол тунарсан ухаалаг том нүдтэй америк хүн, олон хуудастай сонины дугаар барин орж ирж, Гэгээнтэн таны ажилд саад болоогүй биз! хэмээн хүлцэл эрэв. Энэ хүнийг Оуэн Латтимор гэнэ. Тус хот дахь Жон Хоупкиний их сургуулийн гадаад хэлний салбарын захирал, дорно дахины судлалаар мэргэшсэн нэрд гарсан эрдэмтэн ажээ.

Энэ хоёр их хүний нөхөрлөл, хувь заяаны замыг амьдрал, ер нь л ховорхон учралаар холбож дээ гэмээр. Түүний намтрын цөөхөн мөр юу өгүүлнэ вэ? Европт гадаадын хэд хэдэн хэл сурч, утга зохиолын боловсрол олсон Латтимор, бүр залуу наснаас эрдмийн аянд хөл дөрөөлөн Азийн орнуудаар жуулчилж, тэдний л амьдралаар амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцан танин мэдэхүйн их ухааныг эзэмшсэн, монгол хэлийг л гэхэд шаггүй сайн сурсан хүн ажээ. Өвөр монголд байхдаа Дилав хутагтай дотно сайн танилцжээ.

Латтимор хэдийгээр нүүдлийн амьдралд дасавч өөрөөсөө илүү голомт залгах үрийнхээ тухай санаа зовдог байв. Нэг удаа Дилав хутагтад дурсахад нь, Та хоёр залуу улс, үр заяалгүй яахав. Гэхдээ би нэг арга бодъё! гэжээ. Удалгүй авгай нь хөл хүндтэй болж хүү төрсөн гэдэг. Латтимор бурхны ивгээлд бас ч далдуур сүсэглэж, Дилав хутагт шинэ төрсөн хүүг адислан “Батбилэг” гэж монгол нэр хайрлажээ.

Хожим Европт их дайны гал дүрэлзсэн 1941 оны намар америкийн эрдэмтэн, монголын хутагт хоёр хятадын Чунчин хотноо ховорхон тохиолдлоор уулзжээ. Америк байтугай Латтимор хэмээх усан замын зогсоол бүхий энэ авсаархан хотноо төдий л олон хүний анхааралд өртөөгүй байсан залуу проф. Латтиморыг намрын нэг өдөр, тэнгэр дуугарч, солонго татав уу гэмээр ерөнхийлөгч Рузвельт Цагаан ордондоо дууджээ.

Ерөнхийлөгч урт хүрэн зандан ширээнийхээ ард биш, хөл муутай хүний түрдэг тэргэн дээр суусан чигээр, өрөөнийхээ зузаан хивсэн дээгүүр алгуурхан холхих зуур түүнд ойртон, цөөн зүйл асуун ярилцсанаа, сэтгэл уярам элэгсгээр, Чан Кай Ши надаас улс төрийн зөвлөх хүсээд байгаа юм. Таныг бид тохирох хүн гэж үзээд энэ хариулагатай томилолтыг америкийн нэрийн өмнөөс өгч байгаа юм! Хэмээн өгүүлжээ. Оуэн Латтимор ахин Хятад нутгийг ийнхүү зорьжээ.

Гэтэл Дилав хутагт тэр үес, хүслээр биш хяслаар дүүрэн хорвоогийн жам ёсыг дагаж, хувь тавилангийн эрхээр ч гэх үү, Чунчин хотноо суурших болж, Монгол Төвдийн хорооны зөвлөхийн алба хашаад хоёр жил шахмын нүүрийг үзэж байв. Гэхдээ энэ албанд тохоогдсон түүний хувь заяаны зам дэндүү бартаатай байв.

Тэрбээр нууц албаныхны хараа хяналтанд өртөж, орон шоронгийн хаалга татам, хорио цээрийн газар хэдэн cap түгжигдсэний дараа, бас л хуртай тэнгэрт солонго татах шиг, нэг нартай сайхан өдөр гэнэт суллагдан, зузаан олбог бүхий тансаг амьдралын хаалгыг дуртай ч биш, дургүй ч биш татжээ.

Учир нь тэрбээр хүний эрхээр биш, өөрийн эрхээр буяны мөр хөөж, Төвд орон, Далай ламтай уулзаж сүжигтэн олонтой жаргал зовлонгоо хуваалцан, сул чөлөөтэй амьдрахыг туйлаас хүсэж байсан хэрэг. Гэтэл амьдрал түүнийг өөр гольдрол руу хазайлгасан тул нэхэл хатуутай гэгддэг энэ орны нууц албаныхны хар сэжгээс нэг л хэсэгтээ хагас дутуу салсан нь амьд явахып томоохон хэмжигдэхүүн гэж хэлж болохоор байв. “Хагас дутуу” гэдгийн учир нь, Дилав хутагт хэдэн өрөө байранд тохь тухтай амьдравч, гадагш дотогшоо явахад араас нь нууцаар хүн дагах нь хар дарсан сүүдэр мэт бие арзас хийлгэн жихүүдэс төрүүлнэ.

Монголын хутагт яагаад “улаан цагаанаараа” ялгаран зорчилдсон, хажууд нь бас өрнөдийн том гүрнүүдийн нөлөөнд автсан, ядарч туйлдсан энэ нүсэр том орны, угтаа бол хэр баргийн юмыг анзаарахаа больсон нууц албаныхны хараа хяналтад өртөх болов? Тэр бүхнээс Хутагт өөрийгээ хэрхэн авч гарав? Эсвэл эх нутгаасаа хөөгдөж ч юм уу, дүрвэж гарсан энэ монгол хутагтыг хоёрын хооронд юманд сэрдэж байхаар олонд алдаршсан нэр хүндий нь хятад их гүрний эрх ашигт нийүүлэн ашиглах нь дээр гэж үзэв үү?

Энэ тухай дараагийн бүлэгт өгүүлнэ. Ямар ч болов, хар гэрийн хорионд хэдэн cap болохоо ч мэдэхгүй байсан монголын хутагт нэг л өдор ерөнхийлөгч Чан Кай шийн ивээлд багтсан нь ховорхон олдох аз завшаан байв. Гэтэл хятад нутгийн гүн ар тал болсон Чунчин хэмээх энэ бөглүү хотод эртний танил Оуэн Латтимор алс тэртээх америкаас хүрээд ирсэн нь Хутагтын ганцаардсан сэтгэлд хорин тавны багц зул асаах шиг л болжээ.

Латтимор ч хутагтай энд уулзсандаа үнэнхүү олзуурхжээ. Учир нь, алив ээдрээтэй асуудлыг ухаалгаар зохицуулж, хал балгүй гарц олдог ховорхон мэдрэмж, хэнийг ч өөртөө татах увдис, хар буруу санаатны хорын сэтгэлийг нь номхруулах арга эвий нь олдог ховорхон чадварыг нь Латтимор үнэлдэг байв.

Тухайлбал Өвөр монголд байхдаа япончуудтай хэрхэн дотно харьцаж өөрийгөө хамгаалуулан, итгэлийг нь олж, бас эгзэгтэй юманд зай барьж чаддагий нь сайн мэддэг байсан билээ. Тиймээс энэ бөглүү хотод түүнийг ганцаардлаас аварч, сэтгэл ариусгах гэрэл гэгээ, ямар нэг тулгамдсан асуудалд нөмөр түшиг болно! гэж бодсоноос, нэг өдөр Дилав хутагтад хандан, …Энд ажил ихтэй, уйдах зайгүй ч хүн танихгүй хэцүү байна.

Тантай хамт нэг байранд байвал таны буян номын үйлст түвэг учруулах болов уу, яах бол! Хутагт та надад ч бас нөмөр түшиг болохоор байна! гэвэл Дилав хутагт, тэр дулаахан үгэнд нь дав дээр баяссан ч гүй, хэсэг зуур бодолхийлснээ, үлмэдэг инээвхийлэн.

Та надаас жийрхэхгүй байна уу? Саяхан болтол намайг гадагшаа гарахад, нууцаар хүн дагадаг байлаа шүү дээ. Одоо харин больсон юм шиг байна хэмээснээ, цаанаа хаширласан ч олзуурхсан сэтгэлээ нуухыг ч хүссэнгүй, Намайг аягүй бол, америкийн тагнуул гээд бас нэг нэр зүүлгэх ч юм билүү, хэ! хэ! гэж наргиан болгосноо, Бололгүй яахав, гэхдээ генераллисмусст дуулгасан нь дээр байх аа! Тэрбээр ингэж хэлэв.

Энэ нь би чинь, генерал Лисмуссын мэдлийн хүн шүү дээ! гэсэн өнгөөр сонсдов. Ерөнхийлөгч Чан Кай ши түүнийг хар гэр, гэрийн хорионоос суллагдахад нь аврал болсон уу? Монголын хутагт энэ өндөр дээд хүний анхаарлыг яагаад татах болов? Энэ мэт ээдрээтэй олон асуулт оньсого мэт битүүлэг байв.

Гэвч Латтимор юу ч лавлаж асуусангүй. Хэд хоногийн дараа, ерөнхийлэгч Чан Кай шийн зөвшөөрснөөр Дилав хутагт, Латтимор хоёр нэг байранд амьдрах болов. Удалгүй 1942 оны сүүл буюу жил илүү болоод Латтимор Чуичинээс Америк руугаа буцсан билээ. Одоо гэвэл, хувь тавилангийн эрхээр ч юм уу, эрдэм ухааныг дээдэлсэн оюуны өндөр чадавхи нь тэднийг холбож, ертөнцийн энэ хязгаарт бас л хамт амьдрах хувь учрал тохиожээ.

Оуэн Латтимор дайны дараа Дилав хутагтыг 1947 онд Төвдөөс Нанжинд ирээд байхад нь Америкаас захиа илгээж, монгол судлалын төсөлд оролцуулахаар 1949 оны хавар урьж авчирсан ажээ. Амьдрал ийнхүү америк монгол хоёр их хүний нөхөрлөлийг дэлхийн хоёр бөөрнөөс нэг үйлсийн зангилаанд улам ч бат холбожээ. Дилав хутагт энэ хэр удтал ном шагайсныг хэлэх үү. Латтиморыг орж ирсэнд дотроо олзуурхаж, Зүгээр, юунд нь саад болох вэ. Алив наашаа суугаач. Харин ч аяга халуун цай ууж, толгой сэргээмээр санагдаад байсан юм! гээд халуун сав руугаа rap явуулан,

 – Сонин юм дуулгах гээ юу? гэж хэлэхдээ, Амьдрал ер нь адал сонин тохиолоор дүүрэн юм даа. Ноднин өдийд Бээжингээс гарахдаа ч, энд ирээд хэл мэдэхгүйн эрхээ дүрсгүй хүүхэд шиг будилж, өөрийг ч, өрөөлийг ч хөөрхөн сандаргасан даа! хэмээн бодов.

Эх сурвалж: Дилав хутагт номоос

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд