No menu items!
HomeМонгол брэндЧ.Батцэцэг: Бизнесээсээ уйдахгүй байж, тууштай байх нь хамгийн хэцүү

Ч.Батцэцэг: Бизнесээсээ уйдахгүй байж, тууштай байх нь хамгийн хэцүү

-

Нэг бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг, түүний ард ямар их хөлс, хүч, хөдөлмөр зарцуулдгийг “Монгол бренд” булангаараа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн цувралаараа тэмээний чөмгөөр гоо сайхны органик саван хийж, хэдийнэ хэрэглэгчдийн танил болсон “Гилгэрэм” брендийг онцолж, тус брендийн үүсгэн байгуулагч Ч.Батцэцэгтэй бизнесийн талаар ярилцлаа.

-Танайх ямар бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа вэ, Бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгвөл?

-Намайг Чагдгаагийн Батцэцэг гэдэг. Би Гилгэрэм брэндийг үүсгэн байгуулагч, “Стилетто” ХХК-ийн захирал ажилтай. Манай Гилгэрэм брэнд нь байгалийн гаралтай гоо сайхны саван, тос үйлдвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнүүд чөмөгний тосны орц найрлагатайгаараа онцгой юм. Жишээ нь манай “Тэмээний чөмөгний тос”-ыг үе мөчинд тэжээл өгөхөд, хэвтрийн цооролт, жирэмсний язралтаас сэргийлэхэд, мөн диатез болон арьс харшлын тууралт, арьсны гэмтлийн үед шинж тэмдгийг арилгах, зовиурыг намдаах зорилгоор хэрэглэдэг. Харин Тэмээний чөмөг, нүүрстэй саван маань өсвөр насны хүүхдүүд болон тослог арьстай хүмүүст маш сайн тохирдог. Батганы эрлэг, хар мангас, дурлуулдаг саван гээд олон хочтой. /инээв/

-Яагаад энэ төрлийн бизнес эрхлэх болсон бэ?

-Жирэмсэн байхдаа тэмээний чөмөгний тосыг санаандгүй хэрэглээд үр дүнг нь биширсэн. Тэгээд ардын уламжлалт анагаах ухаан, нүүдэлчдийн соёлыг агуулсан энэ гайхалтай шидэт тосыг хүмүүст таниулах, хэрэглээнд нэвтрүүлэх, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг хүссэн учраас чөмөгний тосыг шимтэн судлах болсон. Энэ бизнесээ эхлүүлээд 2 жил гаран болж байна. 

-Танай бизнесийн онцлог, давуу талыг юу гэж хардаг вэ?

-Маш сайхан сэтгэлтэй, сайн захиралтай, азтай бизнес гэж боддог. /Инээв/ Манай бизнес малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, органик хог хаягдлыг сайжруулан боловсруулж нэмүү өртөг шингэсэн, байгалийн гаралтай, эрүүл, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Чөмөг гэдэг бол хясаанд нуугдсан сувд лугаа үнэт эрдэнэ юм. Үүний эрдэс, амин дэм, коллагений агууламж өндөр, арьсанд хурдан шингэж, арьсыг маш хурдан нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мал амьтнаас авч болох хамгийн чанартай тос бол чөмөгний тос юм.

-Зэх зээлд хэр их өрсөлдөгчтэй салбар вэ?

-Монголд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 30 орчим компани бий. Бүгд өөрийн гэсэн онцлох давуу талтай. Дотоодын үйлдвэрлэгчид гэхээс илүү импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх шаардлагатай байдаг. Манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн ердөө 10 хувийг дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Үүнийг өсгөхийн тулд дотоодын үйлдвэрлэгчид нэгдэж “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер”-ийг байгуулаад байна.

-Бизнес хийхэд хэцүү, бэрхшээлтэй зүйл байдаг уу?

-Миний хувьд бизнесээсээ уйдахгүй байж, тууштай байх нь хамгийн хэцүү юм шиг санагддаг. Өөр өөр зүйл хийж үзмээр, илүү ашигтай эсвэл сонирхолтой бизнес эхлүүлмээр санагдах үе олон тохиолддог. Тиймээс бизнесээ цаг үргэлж хайрлаж, өдөр бүр дурлаж, тордож, өөрийнхөө сонирхол, анхаарлыг бизнес дээрээ төвлөрүүлж байх хэрэгтэй. Яг л хосын харилцаа шиг. /инээв/

-Бизнесийн зарчим, баримталдаг дүрэм байдаг уу?

-Бизнесийнхээ эргэн тойрны бүх харилцаанд ёс зүйн хэм хэмжээг барихыг эрмэлздэг. Амжилтанд хүрэхийн төлөө юу ч хийж болно. Гэхдээ миний хийж чадах зүйлс шударга ёсны мэдрэмж, нийтийн эрх ашиг, ёс зүйн хэм хэмжээгээр хязгаарлагддаг. Энэ хэм хэмжээг баримтлаж чадвал миний хувьд нэг төрлийн амжилт юм.

-Авлигын эсрэг саван хийсэн гэж сонссон. Энэ ямар учиртай вэ?

-Авлигын эсрэг саван бол “Гилгэрэм” брендийн нийгмийн хариуцлагын төсөл юм. Бизнесээ хийх явцдаа шударга бус, ёс бус хандлагуудтай удаа дараа нүүр тулсны эцэст зөв шударгын төлөө тэмцэлд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Тухайн үед миний хийж чадах, үзэл бодлоо илэрхийлж болох ганц зам нь “Авлигын эсрэг” саван байв. Энэ саван маань “Авлигын Эсрэг #НэгҮйлдэл” аян болон өргөжиж, авлигын эсрэг соён гэгээрүүлэх үүргээ сайн биелүүлсэн. Учир нь би энэ савангаараа өөрийгөө бас бизнесээ угааж, авлигаас ангид болгож чадсан. Хүний биеийн бохирыг савандаж угаагаад арилгаж болно, харин сэтгэлийн бохирыг зөвхөн хүн өөрөө хүссэн тэр үедээ л үйлдлээрээ цэвэрлэж чадна. Нэг шударга үйлдэл хийхэд хүн түүний сайн сайхныг олж мэддэг. Тиймээс “Авлигын эсрэг” саван маань хүмүүст шударга ёсны төлөө “Нэг үйлдэл” хийх сэдэл болоосой гэж хүссэн.

-Өнөөдрийн түвшинд хүрэхэд хэр их хугацаа заруулсан бэ?

-Өнөөдрийн түвшин гэдэг нь “Гилгэрэм” бүтээгдэхүүнийг хайрладаг, хүсэмжилдэг, талархдаг байнгын хэрэглэгчидтэй болсныг хэлэх байх. Ингэж хайрлуулахад хугацаанаас илүү сэтгэл зарцуулсан. Бүтээгдэхүүн нэг бүрээ сэтгэлээсээ хийж, хэрэглэгч бүрээ хайрлаж, залгасан хүн бүрт зөвлөж, тайлбарлаж, хэрэглэгч бүртэй нөхөрлөж ирсэн. Эргээд тэдний талархсан магтаалыг сонсох нь амжилтын дээд байдаг. 

-Зах зээлийн борлуулалтын боломж хэр байна?

-Дотоодын савангийн зах зээл дангаараа 100 орчим тэрбум төгрөг боловч яг манай бүтээгдэхүүний зорилтот зах зээлийн хэмжээ 6 орчим тэрбум төгрөг. Энэ зах зээлд өрсөлдөхийн тулд зөвхөн бүтээгдэхүүн чанартай байгаад, хичнээн их хайр байгаад хангалтгүй.  Бидэнд дотоодын зах зээлд импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хууль эрх зүйн орчин, төрийн дэмжлэг, бизнесийн таатай нөхцөл хэрэгтэй. Үүний тулд салбараа хөгжүүлэх шаардлагатай тулгарч байна.

-‘’Гилгэрэм’’ брендийг Амеркийн хоёр ч бизнес төслийн уралдаанд оролцож түрүүлсэн гэж дуулсан. ОУ-д гаргах төлөвлөгөө бий юу?

-Төлөвлөгөө бий. Америкийн зах зээлийг анх эхэлсэн цагаасаа л чадах чинээгээрээ судлаж, ойлгохыг хичээж байна. Монгол гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд олон улсын зах зээлд өрсөлдөх нь байтугай хөл тавих ч амаргүй. Хууль журам, стандарт шаардлага өндөртэй, өрсөлдөөн ихтэй. Ул суурьтай судалгаа, олон төрлийн тандалт, туршилт шаардлагатай. Зөвхөн бүтээгдэхүүнээ ч биш, үйлдвэрлэлээ, менежментээ бүгдийг чадавхижуулах шаардлага бий.

-Та брендийн үйл ажиллагаанаас гадна “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ-ын УЗ-ийн даргаар ажилладаг. Байгууллагынхаа талаар товч танилцуулбал?

-Саяын миний хэлсэн экспортод гарахад тулгарч буй бэрхшээлүүд бол зөвхөн манай компаний асуудал биш юм. Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хамгийн ахмад нь 30 жилийн түүхтэй, хамгийн залуу нь гурав хүрэхгүй жилийн түүхтэй ч бүгд ижил асуудалтай. Учир нь энэ салбар өөрөө хөнгөн үйлдвэрийн залуу салбар бөгөөд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоос эхлээд хийх ажил ихтэй. Үүнийг ойлгож ухамсарласан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдэж “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер”-ийг байгуулаад хоёр сар болж байна. Бид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг экспортод бэлтгэх, бүх талаар чадавхижуулах, нэмүү өртгийн сүлжээний хамтын ажиллагааны талбарыг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-ийн гишүүд

-Саяхан 90 гаруй байгууллага хамтарсан өдөрлөг зохион байгуулсан. Гол зорилго нь  экспортын тухай байсан. Ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байна?

-Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой 90 гаруй байгууллагын 200 шахам төлөөлөгчдийг хамарсан Хамтын ажиллагааны өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан нь манай Кластерийн төдийгүй салбарын анхны томоохон үйл ажиллагаа байлаа. Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих Төсөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нар манай Кластерийг бүх талаар дэмжиж, яг л эцэг эхийн адилаар бойжуулж байгаа гэж хэлж болно. Энэ арга хэмжээг ч мөн хамтран зохион байгуулсан. Бид Европын Холбооны орнууд руу экспортод гарах тухай онцлон ярьж байгаа ч экспортод гарахад бэлэн болох хүртэл үйлдвэрлэгчдээ, бүтээгдэхүүн болон салбараа хөгжүүлж, чадавхижуулах гээд урьтаж хийх олон ажил бий. Үүн дээр хамтын ажиллагаа өрнүүлэхээр ХХААХҮЯ тэргүүтэй төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон худалдааны байгууллагатай харилцан ойлголцлын Санамж бичиг зурж, амлалт солилцсон. Экспорт бол бидний амжилтаа хэмжих шалгуур юм.

Зүүн гар талаас Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга Ч.Батцэцэг, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн Захиргааны Удирдлагын Газрын дарга Т.Жамбалцэрэн нар.
ХХААХҮЯ, МГСБК ТББ  Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах хамтран ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Харилцан Ойлголцлын Санамж Бичгийг байгуулав
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер ТББ-ийн Удирдах Зөвлөлийн Дарга Ч.Батцэцэгт МҮХАҮТ-ын Платинум гишүүний батламжийг гардуулав.

-Бизнесийн ирээдүйн зорилго юу вэ?

-Монгол улсын махны үйлдвэрлэлээс гарч байгаа бод малын чөмгийг боловсруулж, хаягдалгүй ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулахыг хүсдэг. Миний хувьд халбага чөмгөний тос ч хаяхад хайран байна. Чөмгийг зөвхөн гоо сайханд биш хүнсний зориулалтаар хэрэглэх нь ч эрүүл мэндэд маш тустай. Монголчууд махаа чанаж идээд, булууны ясыг ташаж доторхи чөмгийг нь ухаж иддэг дээ? Энэ бол маш зөв уламжлал. Чөмөгний ач тусыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд судлаж, ойлгож, хэрэглээнд янз бүрээр нэвтрүүлж байна.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд