No menu items!
HomeЭрүүл мэндАнтибиотикийг яагаад дур мэдэн хэрэглэж болохгүй вэ?

Антибиотикийг яагаад дур мэдэн хэрэглэж болохгүй вэ?

-

Хүн төрөлхтний эрүүл мэндэд гамшгийн дайтай заналхийлэх болсон антибиотикийн хэрэглээний талаар НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын бусад байгууллагууд анхаарал хандуулж эхлээд байна.

Аливаа өвчин, үрэвсэл үүсгэгч нянгууд антибиотикт тэсвэртэй болсноор эргээд эмчлэгдэх боломжгүй мухардмал байдалд хүрэх аюул ойрхон байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм.

Тэгвэл, антибиотик гэж юу вэ, биед хэрхэн нөлөөлж, нянг хэрхэн устгадаг, түүний зохистой хэрэглээ, дашрамын нөлөө зэрэг нь юу байдаг вэ?

Нэн түрүүнд, антибиотик бол нянг устгах, эсвэл нянгийн үржлийг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс нянгаар үүсгэгдэх өвчнийг эмчлэх хүчтэй бэлдмэл юм. Гэтэл ханиалга, хамрын ханиад, хоолой өвдөх зэрэг вирусын гаралтай өвчинд антибиотик эмчилгээ хийх нь хамгийн буруу бөгөөд хожмын хор хөнөөлтэй гэнэ.

АНТИБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ?

Антибиотикийг зөв зохистой хэрэглэснээр үхлийн аюулт өвчнөөс ч амь насаа аварч, хамгаалж чадах хүчтэй эмийн бэлдмэл юм. Гол үйлдэл нь нянгийн үржлийг дарангуйлах, эсвэл нянг устгах.

Биед элдэв өвчин үүсгэгч нян үржиж, шинж тэмдэг илрэхийн өмнө хүний биеийн дархлааны систем тэдгээр нянг устгаж байдаг. Бидний цусан дахь цагаан эс нь нян, ашиггүй бичил биетүүд рүү довтолж, тэднийг устгаж байдаг, харин өвчний шинж тэмдэг илэрч эхэлбэл бидний дархлааны систем хүчин мөхөстөж, энгийнээр хэлэхэд нөхцөл байдалтай эвлэрсэн гэсэн үг юм.

Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл нянгийн үржил ихэссэн үед антибиотик хэрэглэх шаардлага гардаг.

Хүн төрөлхтний хамгийн анх нээсэн антибиотик бол пенициллин. Пенициллиний төрлийн антибиотикт багтах ампициллин, амоксициллин, бензилпеницциллин зэргийг бид олон төрлийн өвчинд өргөнөөр хэрэглэдэг болоод удаж байна.

Илүү орчин үеийн гэж тодорхойлж болох өөр олон антибиотик бий. Тэдгээрийг дийлэнх улс оронд эмчийн жорын дагуу олгодог.

АНТИБИОТИКТ ТЭСВЭРТЭЙ БОЛОХ

Антибиотикийн зохистой хэрэглээ алдагдсан нь одоо дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Шаардлагагүй үед антибиотик хэрэглэх, тун хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь эргээд олон төрлийн өвчин үүсгэгч нянгууд антибиотикт тэсвэртэй болж хувьсахад хүргэж байгаа аж.

Европт жилд 25 мянга гаруй хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын улмаас амь насаа алдаж буй судалгааг саяхан танилцуулсан. Гэтэл энэ тоо баримт жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэд онцолжээ. Карбапенем гэх эцсийн бүлгийн антибиотикийн хэрэглээ 2007-2010 онд огцом нэмэгдсэн байна.

АНТИБИОТИК ХЭРХЭН ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?

Олон төрлийн антибиотик байдаг ч бүгд хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг.

  • Нянгийн эсийн ханаар нэвчих замаар нянг устгадаг
  • Нянгийн үржлийг дарангуйлж, зогсоодог

АНТИБИОТИКИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

Зөвхөн нянгийн гаралтай өвчинд антибиотик хэрэглэхийг зөвлөдөг, түүнээс биш вирусын гаралтай өвчинд үр дүнгүй. Тиймээс ямар нэг халдвар авсан бол нянгийн, эсвэл вирусын гаралтай аль нь болохыг түрүүлж мэдэх нь чухал.

Ханиад, хоолой өвдөх гээд амьсгалын дээд замын дийлэнх өвчин вирусын гаралтай байдаг, тиймээс эдгээр өвчинд антибиотик хэрэглэх нь зохимжгүй юм. Антибиотикийг буруу, эсвэл тун хэтрүүлсэн хэрэглэснээр тухайн нян антибиотикт тэсвэртэй болж, цаашид ижил төрлийн нянд тухайн антибиотикийн үйлчилгээ үр дүнгүй болж эхэлдэг байна.

Харин зарим тохиолдолд, тухайлбал мэс ажилбарын өмнө болон дараа нянгийн халдвараас сэргийлэх зорилгоор антибиотик хэрэглэх шаардлагатай байдаг. Ялангуяа хэвлийн хөндийн болон үе мөчний мэс заслын өмнө антибиотик эмчилгээ хийдэг.

АНТИБИОТИКИЙН ДАШРАМЫН НӨЛӨӨ

Антибиотикийн дашрамын нөлөө дараах байдлаар илэрнэ. Үүнд:

  • Суулгалт
  • Бие сулрах
  • Амны хөндий, үтрээний болон хоол боловсруулах замын мөөгөнцрийн халдвар

Ховор тохиолдолд дараах гаж нөлөө илэрнэ. Үүнд:

  • Бөөрний чулуу үүсэх
  • Судас бөглөрөх
  • Нарны гэрэлд мэдрэг болох
  • Сонсгол муудах

АНТИБИОТИКИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Ихэнх антибиотикийн үйлчилгээ хэдхэн цагийн дотор үр дүнгээ өгч эхэлдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу эхнээс дуустал ягштал мөрдөх хэрэгтэй. Тун дутуу хэрэглэх, эсвэл заасан хугацаанаас өмнө эмчилгээг дутуу орхисноор тухайн нян антибиотикт тэсвэртэй болж, улмаар дараагийн удаагийн эмчилгээ үр дүнгүй болох эрсдэл дагуулдаг. Хэдийгээр биеийн байдал сайжирсан ч антибиотик эмчилгээг дуустал нь үргэлжлүүлэх шаардлагатай.

Зарим антибиотикийг хоол, шингэнээр даруулж хэрэглэх ёстой бол зарим нь өлөн ходоодонд шууд ууж хэрэглэх заавартай байдаг. Аль ч тохиолдолд эмийн зааврыг зайлшгүй харж, шалгаж байгаарай. Зарим төрлийн антибиотик, тухайлбал метронидазол нь алкохолын төрлийн ундаатай хавсарч хэрэглэх хориотой байдаг. Харин тетрациклинийг цагаан идээний төрлийн зүйлтэй хольж хэрэглэх хориотой.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд