No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Удаан хугацаагаар утас, дэлгэц ширтэн тонгойж сууснаас үүдэн нуруу нугасны өвчлөл ихэссэн"

“Удаан хугацаагаар утас, дэлгэц ширтэн тонгойж сууснаас үүдэн нуруу нугасны өвчлөл ихэссэн”

-

Цахим хөгжлийн эринг дагаад нуруу нугасны өвчнөөр ялангуяа суугаа ажилтай хүмүүс өвчлөх нь их болоод байгаа.

 Сүүлийн үед офиссын ажилтнуудаас эхлээд оюутан залуучууд ч нурууны шохойжилт, далийлт, нурууны завсар мах хавчуулагдах зэрэг өвчнөөр шаналах нь эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн эмч нар тайлбарласаар байгаа.

Нуруу нугасны мэргэшсэн эмч, Анагаах ухааны доктор Кан Вон Күг нуруу нугасны өвчний талаар юу ярьсныг хүргэж байна. 

-Сүүлийн үед нуруу нугасны өвчин 40-өөс дээш насныхан төдийгүй идэр залуусыг ч хамрах болоод байна. Энэ өвчин хэрхэн үүсдэг, ерөнхий шинж байдлын талаар тайлбарлаж өгөөч? 

-Монголд ирээд удаагүй байгаа болохоор танай иргэдийн нуруу нугасны өвчлөлийн үндсэн хүчин зүйл, тархалтын талаар сайн мэдэгдэхүүнгүй байна. Харин манай Солонгосчуудын 10 хувь нь амьдралдаа ямар нэг хэмжээгээр нуруу нь өвдөж үзсэн гэдэг судалгаа байдаг юм. Үндсэндээ нурууны яс хоорондын холбоосууд байх ёстой хэлбэр хэв маягаасаа гажиж гадагшаа хэлбийж, мэдрэлийн гол судсыг дарчихдаг. Энэ нь тухайн хүнд маш их зовиур өгөх бөгөөд улмаар нэн хурдацтайгаар тухайн хүн хөдөлмөрийн чадвараа алдахад хүрдэг. 

Нуруу нугас, үе мөчний өвнөөс урьдчилан сэргийлэх нь одоо зөвхөн настай хүний тухай ойлголт байхаа больсон. Энэ өвчин орчин цагийн цахим хөгжлийг дагаад маш их залуужиж байна. Настай хүмүүст илэрдэг нурууны өвчин нь амьдралынх нь явцад үүсдэг тул өвчлөл дөнгөж эхэлж байхад нь оношлох нь амаргүй байдаг.

Ер нь бол нуруу нугасны гажиг нарийсал нь хөгшрөлтөөс үүдэн эргэн тойрондох холбоосоороо мэдрэлд нөлөөлж эхэлдэг талаар дээр дурдсан. Энэ явц нь цаашлаад хүний тэнцвэрийн гол тулгуур болсон хөлөнд, өвдөгний үенд нөлөөлж эхэлдэг. Мөн хөгшрөлтөөс үүдсэн ийм өвчний үед дунд нурууны нугалмайд шахалт үүсгэснээс хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Энэ нь яваандаа ясыг хэврэг болгож, хүний хөдөлгөөнийг хурдацтай хязгаарладаг. Энэ нь цэвэршиж байгаа эмэгтэйчүүд болон өндөр насны эрэгтэйчүүдэд элбэг тохиолддог зовиуртай өвчин юм.

Харамсалтай нь ийм төрлийн өвчин настайчууд гэхгүй цахим мэдээлийн эрин үед улам залуужиж байгааг харуулсан судалгаа гарсаар байна.

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас явуулсан нэг судалгаагаар нурууны өвчнөөс болж эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн 15 хувь нь 10-30 насны залуучууд байна гэж гарсан. Энэ бол анхаарах ёстой ноцтой асуудал. Мэдээж мэдээллийн эрин үеийн хөгжлийг дагаад Монгол Улсад ч энэ өвчин залуужиж байгаа нь ойлгомжтой.

-Нуруу нугасны өвчлөлийн 15 хувийг 18-30 насныхан эзэлж байна гэхээр үнэхээр энэ өвчин залуужиж байгаа юм байна. Гол шалтгаан нь юу юм бол? 

-Сүүлийн үед хүмүүс удаан хугацаагаар ухаалаг гар утас хэрэглэх, мөн интернет кафед олон цагаар суух, нөүтбүүкийг өдөр тутам байнга хэрэглэх болсон. Энэ үедээ удаан хугацаагаар доошоо харж, нуруу хүзүүндээ ачаалал өгдөг болсноос нуруу нугасны өвчнөөр өвчлөх нь ихэссэн гэж дүгнэж болно. Мөн манай орны иргэдийн хувьд барууны хоол хүнсийг ихээр хэрэглэснээс таргалалт нэмэгдсэнээр нуруу, үе мөчний өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна. 

Хүн хэтэрхий таргалснаар гэдэс нь урагшаа, нуруу нь хойшоо хотойдог. Энэ нь нуруунд шууд өгөх ачааллыг огцом нэмэгдүүлдэг. Үүн дээр эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гутал их өмсч байгаа нь нурууны дискний өвчлөлийг бий болгоход яах аргагүй нөлөөлж байгаа юм. 

-Нуруу, нугас өвдсөн тохиолдолд зөв оношлох нь чухал асуудал гэдэг нь тодорхой. Оношилгооны ямар хэлбэрүүд байдаг вэ? 

-Хамгийн түрүүнд тухайн хүний биеийн байдал хэр байгаад үзлэг хийж, хэрэгтэй гэж үзвэл “X ray” зураг авдаг. Энэ нь тухайн ясны нөхцөл байдал, хэлбэрийг мэдэх диск мөн эсэхийг батлах мэдээллийг олж авах хамгийн энгийн гэж болох ерөнхий шинжилгээ юм.

“X ray” шинжилгээгээр дисктэй холбоотой өвчин болох нь тодорхой болж нурууны үе их гэмтсэн тохиолдолд “CT” ба “MRI” зэргийн нарийн шинжилгээг хийдэг. “CT”-ээр ясны тухай илүү дэлгэрэнгүй нарийн мэдээллийг авч болдог. Нурууны диск байгаа нөхцөлд “MRI” шинжилгээ нь маш нарийн гаргаж ирдэг. 

Товчхондоо нурууны ясны холбоос эдүүдийн хооронд байдаг зөөлөн эдүүдийн байдал ямар байгааг маш нарийн мэдэх боломжтой шинжилгээ юм. Энэ нь мэдрэлийн эдийг ч маш сайн тодорхойлж чаддаг тул мэдрэлийг яг хаана нь дарж, хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж чаддаг. Эдгээр нарийн шинжилгээнүүдийн дараа хагалгаа хийх эсэхийг шийддэг. 

-“МRI”-ны шинжилгээгээр нурууны диск хазайсан нь батлагдлаа гэвэл заавал хагалгаанд орох ёстой юу? 

-Энд хэлэхэд хүмүүс нурууны өвчинг бие даасан өвчин болсон тохиолдолд зайлшгүй хагалгаа хийлгэнэ гэж бодож явдаг. Мөн нурууны хагалгаанаас хүмүүс ихээхэн эмээж, тусгайд нь онцгой хүнд хагалгаа гэж үздэг. Мэдээж мэдрэлийн судастай холбоотой болохоор хүндхэн хагалгаа гэдэг нь үнэн л дээ. Үүнээс болоод хагалгаанаас зайлсхийж, өвчнөө хүндрүүлээд яваад байдаг.

Харин манай “21 зуун” эмнэлгийн хувьд зүсэлт хийлгүй хагалгаа хийж байгаа. Дурангийн нарийн лазер хагалгааг энд хэлж байна. Бидний эмчилгээндээ нэвтрүүлсэн дурангийн хагалгаа бол манай Солонгост 10-аад хүний бүрэлдэхүүнтэй хийдэг, маш том хагалгаанд тооцогддог байсан юм. 

Энэ нь тухайн шинжилгээний хариунаас хамаарна. Үнэндээ бол нурууны дисктэй холбоотой өвчтөнүүдийн 10 хувь нь л хагалгаанд орох хэмжээнд хүрсэн байдаг. Бид гол нь хагалгааны бус эмчилгээгээр өвчтөнүүдээ эмчлэхийг эрмэлзэж байгаа.

Үүнд өвдөлтийг арилгах, эмийн эмчилгээ дасгал хөдөлгөөн, физик эмчилгээ мөн тарианы эмчилгээг хэлж болно. Яг нурууны дисктэй холбоотой гэдэг нь шинжилгээгээр гарсан нөхцөлд нурууны мэдрэлийн тариа буюу үе хооронд үүссэн үрэвслийг дарах тариаг тарьдаг. Энэ бүхний дараа зохих үр дүн өгөхгүй бол хагалгааны эмчилгээг сонгодог.

-Нуруу нь өвддөг болсон хүмүүс өдөр тутам юуг голлон анхаарвал зохих вэ. Амьдарлын зарим хэвшлээ өөрчлөх хэрэгтэй юу? 

-Нурууны диск гэсэн хариуг авсан тохиолдолд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол амралт байгаа. Амралт болон нуруугаа нэмж гэмтээхгүй байх нөхцөлийг хангах нь хамгийн чухал. Эмчийн зөвлөгөөн доор дасгал хөдөлгөөнийг хийхээс эхэлнэ. 

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: “Өглөөний сонин”

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд