No menu items!
HomeЭмч зөвлөж байнаӨ.Батжаргал: Тархины саажилтыг зөвхөн эм, тариагаар эмчлэх боломжгүй

Ө.Батжаргал: Тархины саажилтыг зөвхөн эм, тариагаар эмчлэх боломжгүй

-

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засалт, эмчилгээ оношилгооны тасгийн дарга хүүхдийн их эмч Ө.Батжаргалтай хүүхдийн тархины саажилтын эмчилгээ, оншилгооны талаар ярилцлаа.

-Тархины саажилт гэхээр хүмүүс ихэвчлэн оюун санааны хомсдолтой гэж ойлгодог. Харин эмч мэргэжилтнүүд өөр тайлбар хэлдэг. Үүнийг юу гэж ойлгох нь зөв бэ?

-Саажилт өвчинтэй гэдэг нь ерөнхийдөө хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэрлээд байгаа юм. Ихэнх хүн тархины саажилт гэдгийг хүмүүсийг оюун ухааны хоцрогдолтой гэж ойлгодог. Энэ нь маш буруу ойлголт.

Ямар нэгэн байдлаар эрүүл биш юм шиг харагддаг учраас хүмүүс тэгж ойлгодог. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч эрүүл саруул хүнтэй адилхан сэтгэдэг, ямар нэгэн зүйл хийхийг хүссэн хүмүүс их байдаг. Тухайлбал, Оргодол гээд сэтгүүлч бий. Тэр хүн одоо докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байна.

Энэ хүний жишгээр тархины саажилттай олон хүүхэд, залуус их, дээд сургуульд сурахыг хичээж байна. Манай төвийн дэргэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг. Тэнд сурч байгаа нэг шавь маань “Би хөгжлийн бэрхшээлтэй биш. Эмч нар, төрийн үйлчилгээний хүмүүст муухай харагдсан учраас намайг оюуны хоцрогдолтой гээд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид хамруулчихжээ” гэж байсан удаатай. Энэ хүн эрүүл саруул ухаантай гэдгээ мэдэрсний үндсэн дээр ингэж ярьж байгаа хэрэг.

-Тархины саажилтын өвчлөл манай улсад ямар хэмжээтэй байна вэ?

-Монгол Улсад 10 мянган хүүхэд тутамд нэг байна гэсэн судалгааг холбогдох байгууллагууд нь гаргасан.

-Энэ өвчнийг эрт илрүүлэх ямар боломж байдаг бол. Мөн эмчилгээний хувьд?

-Энэ өвчлөлийг эрт илрүүлэх боломжтой. Эхээс гараад хоёр сарын дотор толгойгоо даахгүй, 3-4 сартайдаа хөлбөрч чадахгүй, 5-6 сартайдаа сууж чадахгүй байгаа тохиолдолд сэргээн засалтын эмч нарт хандах ёстой. Яагаад гэвэл хөдөлгөөний дутагдалтай байна гэдэг нь тархины саажилтын эхний дохио болж өгдөг.

Тархины саажилтыг эрт илэрүүлсэн тохиолдолд эмчилгээний үр дүн илүү сайн байх нь мэдээж. Бид нэгдсэн журмаар орон нутгийн бүх эмч, мэргэжилтнүүдэд саажилтын эсрэг эмчилгээ болон дасгалын сургалт явуулсан. Аль ч сум, хорооны эмч энэ дасгалыг зааж чадна.

-Тархины саажилтыг эмчлэхэд эм, тарианаас илүү дасгал хөдөлгөөн чухал гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Тархины саажилт эм, тариагаар эдгэрдэггүй өвчин. Хүүхэд нь тархины саажилттай гэж тогтоогдсон тохиолдолд эмчийн зөвлөсөн дасгал хөдөлгөөнийг хийх ёстой цагт нь хийлгэх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Өөрөөр хэлбэл, тархины саажилттай хүүхдийг эм, тариагаар эмчлэнэ гэж байхгүй. Эцэг, эхийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дасгалыг 2-5 жил хийсэн тохиолдолд хөдөлгөөн нь сайжирч, эмчлэгдэх боломжтой гэдгийг шинэжлэх ухаан, практикийн аль аль нь нотолсон.

Монголчууд эм, тарианд найдаж сууснаар хүүхдийнхээ биеийн байдлыг хүндрүүлэх нь элбэг. Тухайлбал, Дундговь аймагт манай төвийнхэн ажиллаж байхдаа нэг айлын хүүхдийг тархины саажилттай байна гэдгтйг оношлоод, хийх ёстой дасгал хөлдөлгөөнийг нь зааж өгчихөөд ирсэн. Гэтэл нөгөө хүүхдийн ээж нь дасгалыг нь хийлгэх гээд, харин аав нь “Хүүхэд битгий зовоогоод бай, эмнээс нь өг гэх юм” гээд бидний хойноос утасдаж байх жишээтэй.

Тиймээс эцэг, эхчүүд хоёр зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхдээ нярай байхад нь хөдөлгөөнийг нь сайн ажих, хоёрдугаарт, тархины саажилттай гэж оношлогдсон тохиолдолд хөдөлгөөн юу юунаас чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өвчтэй хүүхдийн эмчилгээний үр дүн эцэг, эх, эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг зүйл.

Тархины саажилттай хүүхдээсээ ичиж зовох нь өнгөрсөн үе гэдгийг мөн ойгох хэрэгтэй. Тэдний бусдын адил амьдрах эрхийнх нь төлөө эцэг, эх эмч нар хи¬чээж ажиллахад гайхалтай үр дүнд хүрдэг.

-Та тархины саажилтыг эрт илрүүлсэн тохиолдол эмчилгээ үр дүнтэй болох талаар ярьсан. Тэгэхээр яг хэдэн наснаас нь өмнөх эмчилгээ үр дүнтэй байдаг юм бэ?

-Эхний нэг сартай бай¬хад нь оношилж чадвал бид хөлөдгөөнийг нь 50 хувиар нэмэгдүүлнэ. Таваас дээш настай болоод ирвэл 30 ба түүнээс бага хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж ойлгож болно.

-Тархины саажилттай хүүхэд төрөх гол шалтгаан нь?

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэсэн зарчим энд яригдана. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эх улаан бурхан өвчнөөр өвчлөхгүй байх, өндөр халуурахгүй, архи, тамхитай орчинд байхгүй, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад эрт орох зэргийг анхаарах хэрэгтэй. Мөн өөрт байгаа архаг өвчнийг эмчлүүлсний дараа жирэмслэх эсэхээ шийдэх шаардлагыг ч зарим эмч нар тавьдаг.

-Сүүлийн үед физиологийн шарлалт нь удаан арилж байна. Үүнээс болж хүүхэд тархины саажилттай болж байна гэх яриа байх юм?

-Шарлалтаас болж тархины саажилт үүсч байгаа тохиолдол цөөнгүй. Энэ бол миний захиад байгаа дөнгөж төрсөн хүүхдээ сайн ажиж бай гэдэг л байхгүй юу. Хүүхдийн шарлалт 7-14 хоногийн хооронд арилахгүй бол эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд